Монгол улс

Монгол улс нь зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Оросын Холбооны Улс, өмнөд, баруун, зүүн талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тус тус хиллэдэг. Монгол улс нь хэдийгээр Казахстан улстай хил залгадаггүй хэдий ч Монголын баруун цэг ба Казахстаны зүүн цэг нь хоорондоо маш бага зайтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Улаанбаатар бөгөөд нийт хүн амын 38 орчим хувь нь тэнд оршин суудаг. Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд нэг танхимт парламенттай. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.

Дунджаар далайн түвшнээс дээш 1,580 м өндөрт байрладаг. Хойд ба баруун талаар нь 3 уулын нуруу үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу. Зүүн ба өмнөд талыг Говь цөл эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, үүн дотроос хонины аж ахуй давамгалдаг, улаан буудай нь газар тариалангийн гол ургац. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалтай.

Mongolia

Одоогийн Монгол улсын газар нутгийн орчмоор чулуун зэвсгийн үед анчид ба нүүдэлчдийн бүлгүүд оршин сууж байв. МЭӨ III зууны үед Хүннү гүрний төв болжээ. МЭ IV-X зууны үед Түрэг хэлтнүүд амьдарч байв. 13-р зууны эхээр Монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж төв Азийг эрхшээлдээ оруулжээ. 1234 онд түүнийг Өгэдэй хаан үе залгамжилж, дараа нь 1279 онд Чингис хааны ач болох Хубилай хаан Юань гүрнийг Хятадад байгуулсан байна. Юань гүрэн унасны дараа XIV зууны үеэс Монголчууд тал нутагтаа эргэн суух болж хуучны амьдралдаа эргэн оржээ. 1604-34 онд захирсан Лигдэн хаан Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүний нас барсны дараагаар Чин улсын эрхшээлд оржээ. 1911 онд Чин улс унаснаар Оросын дэмжлэгтэйгээр Монгол тусгаар тогтнолоо зарлаж Богд хаант Монгол улс болсон хэдий ч 1921 он хүртэл де факто тусгаар тогтнол, 1945 он хүртэл гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрөгдөх гэж ихэд зовж байв. Үр дүнд нь Орос ба ЗХУ-ын нөлөөлөл маш их байв. 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж Монгол орны улс төр тухайн үеийнхээ ЗХУ-ын улс төрийг чанд дагаж, эрхшээлд нь оржээ. 1990 онд социалист засаглал унаж, ардчилал гарсан. Үүний дараагаар олон намын тогтолцоотой болж, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, зах зээлийн эдийн засагтай болсон. Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг боловч хүн амын нягтшилаараа хамгийн бага. Мөн далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрт бичигдэнэ. 2.6 сая хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвдийн Буддизм. Хүн амын ихэнх хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч голдуу баруун талаараа Казах, Тува үндэстнүүд амьдардаг. Газарзүй, цаг уур Монголын нутаг дэвсгэр 1,564,116 км² газар нутагтайгаар Монгол улс нь Иран улсын дараа дэлхийд 19-д орно. 20-д бичигдэх Перу орноос хамаагүй том юм. Монгол улс нь өмнөд хэсэгтээ Говь цөл, хойд ба баруун талаараа хүйтэн ба уулархаг газартай. Монголын нилээд хэсгийг харьцангуй тэгш тал газар эзэлдэг. Монголын хамгийн өндөр цэг нь Алтай таван богдын Хүйтэн уул бөгөөд д.т.д. 4,374 м-т оршдог. ОХУ-ын Тува улсад хэсэг нь орших Увс нуурын хотгор нь байгалийн Дэлхийн өв газар юм. Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. Улсын ихэнх газарт зун халуун бөгөөд өвөл маш хүйтэн. 1 сарын дундажууд -30 °C-д хүрдэг. Хааяа уур амьсгалын өөрчлөлт болох зудад нэрвэгддэг. Улаанбаатар хот нь дундаж температураараа дэлхийд хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Өндөр газарт оршдог, хүйтэн ба салхи ихтэй орон. Өвөл нь удаан үргэлжилж маш хүйтэн бөгөөд зун нь богинохон ба энэ л үед ихэнх хур тунадас нь унадаг. Улсад дунджаар 257 нартай өдөр тохиодог ба голдуу өндөр даралттай орчны дунд оршдог. Хур тунадас нь хойд талаараа хамгийн их (жилд дунджаар 20-35 см), өмнөд хэсэгтээ хамгийн бага (жилд дунджаар 10-20 см). Хамгийн өмнөд хэсэгт Говь цөл орших бөгөөд энэ газарт жилд ямар ч хур тунадас унахгүй тохиолдол элбэг. Говь бол ердийн цөл биш, харин хээр цөл юм. Энд тарвага амьдрах хэмжээний ургамал байхгүй ч тэмээ бол амьдрах боломжтой. Говийн бэлчээр нь маш хэврэг бөгөөд талхлалтын улмаас амархан устдаг. Үүнээс болж жинхэнэ цөлний хэмжээ ихсэх аюултай болох ба энэ нь чулуулаг бөгөөд, тэмээ ч амьдарч чадахгүй газар байдаг. Засаг захиргааны нэгж Монгол Улсын аймгууд ба Монгол Улсын сумд Монгол улс нь засаг захиргааны 21 аймаг, нийслэл хотод хуваагддаг. Аймаг нь дотроо сум, багуудад, хот нь дотроо дүүрэг, хороонд хуваагдана. Архангай Баян-Өлгий Баянхонгор Булган Говь-Алтай Говьсүмбэр Дархан-Уул Дорноговь Дорнод Дундговь Завхан Орхон Өвөрхангай Өмнөговь Сүхбаатар Сэлэнгэ Төв Увс Ховд Хөвсгөл Хэнтий

Нэмэлт мэдээлэл