Чухал мэдээлэл

Бид цөөхүүлээ гэдэг ч олуулаа. Энэ дэлхийгээр нэг монголчууд байна. Өнгөрсөн хавар Ерөнхийлөгч дэлхийн монголчуудыг Монгол нутагтаа ирцгээ. Монголчуудаа олуулаа болцгооё" гэж уриалсан. Ерөнхийлөгчийн санаачилга цагаа олсон зөв зүйтэй зүйл байв. Ингэж Монгол үндэстнээ нэг дээвэр дор цуглахыг уриалсныг дэмжихээс гадна Монголоосоо явсан монголчуудаа эргэж ирэхийг уриалмаар байна. Дэлхийн монголчууд Ерөнхийлөгчийн уриалгыг талархан хүлээж авсан. Тэд Монголоосоо явсан монголчуудаасаа илүүтэй Монгол гал голомт минь гэсэн итгэлээр наашаа гэсэн сэтгэлээр ханддаг. Харин бидэнд нэг том бэрхшээл байдаг нь үндэс угсаа нэгтэй монголчуудаа гадныхан, харийнхан, эрлийз, хурлийзаар нь дууддаг. Энэ нь их үндэстний дэргэдэх жижиг үндэстний жалгын мухрын хүнээс гардаг өөдгүй зан л даа.

Зах зээлийн эхэн үеийн ороо бусгаа цагт монголчууд гадагшаа олноороо гарсан. Гадаад ертөнц бидэнд тэр үед хол санагддаг байлаа. Ардчиллын буянаар хамгийн анх хүн бүр гадаадад хөл тавих боломж нээгдэж, гадаад паспорттой болсон. Зарим хэсэг нь Монголдоо картын барааны хүндхэн үеийг давсан ч хөл дээрээ босох гэж ганзагын наймаа, ТҮЦ-ээс бизнесээ эхэлж байлаа. Нэг хэсэг нь сайхан амьдралыг эрэн бэдэрч гадаадад хар ажил хийхээр явцгаалаа. Ерөнхийдөө цэвэрлэгчийн ажил хийх гээд явцгаасан шүү дээ. Гадагш урсах хүн урсгал одоо ч тасрахгүй л байна. Ингэж явах шалтгаан нь асар их баялагтай хэрнээ бизнес эрхлэх эрх нь, боломж нь байхгүй байсантай холбоотой. Манайх шиг ийм баялагтай улсад дотоодынх нь битгий хэл гадаадынх нь гуйгаад ирдэг байхгүй юу. Монгол Улс нэг хүнд ноогдох баялгаараа дэлхийд эхний байранд бичигдэхээр болж байгаа. Цаашид ч бүр сайжирна гэж итгэж байна. Орхиод явсан үеийнхээс чинь ондоо болсон, эх орон чинь. Энэ чинь Монгол руу бөөн бөөнөөрөө шавах нөхцөл бүрдчихлээ гэсэн үг. Нэгэнт нөхцөл нь бүрдчихээд байхад харьд очиж, хүний боол хийх хэрэг байна уу. Эх орон, ээж, аав, элгэн садан чинь эндээ байж байна. Эх орон чинь та нарыг дуудаж байна, монголчууд аа.

Хоёрхон жилийн өмнө Монгол Улс гадаадад боловсрол эзэмшсэн сэхээтнүүдээ авчрах гэж "Зөгийн үүр" төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Нэг ёсондоо баланд дурладаг зөгий шиг монгол залуус минь эх орондоо (үүрэндээ) ирж цуглаач гэж сэдсэн санаа. Хэдэн зуун сая төгрөг гаргасан боловч хэн ирсэн нь тодорхойгүй. Хүмүүс зөвхөн боловсролоор амьдардаггүй. Боловсролоо мөнгө болгох орчинд амьдардаг. Төр тэдэнд цалин амлаад хуурсан хэрэг л болно. Түүний оронд компани байгуулах баялгийг ашиглах, экспорт, импорт хийх, ажиллагааг гар харсан хэдэн түшмэдээс холдуулчихвал маргааш нь гадаадад буй монголчууд аяндаа л нааш зүглэх болов уу. Ингэж л горьдож байна. Түүнээс биш эх орноо орхиод ээж, ааваа ор тас мартана гэж үгүй баймаар.

Монголдоо сайхан амьдарч болно. Хүний газар аз жаргалыг хайж явсныг нь буруутгахгүй ч эх орноо сайн сайхан байлгах гэж зүтгэхгүй зөвхөн өөрийнхөө төлөө яваад өгч байгааг нь бодохоор хэтэрхий аминчхан сэтгэлтэй ч юм шиг. Монгол Улс улам цэцэглэн хөгжинө гэдэг итгэл найдвар маань хэзээ ч алга болоогүй. АНУ-ын нэгэн түүхчийн судалснаар их гүрэн байсан улс заавал сэхдэг гэсэн. Өөрөөр хэлбэл түүхийн хүрдний эргэлтэнд хүчирхэг байсан улс үндэстэн дахин байрандаа очдог байх нь. Ингэж мандан бадрахын эхлэл нь олуулаа болох. Монголчууд тэртээ он жилүүдийнх шиг гадаадаас ирсэн бохь, лаазтай ундаа хараад гайхахаа больчихсон. Дэлхийд ямар шинэ технологи гарч байна маргааш нь л Монголд нэвтэрдэг болсон. Холливудын оддын хүүхдийнхээ сургалтын төлбөрт зарцуулдаг хэмжээний мөнгийг төлөөд эх орондоо хувийн   сургуулиудад монгол хүмүүс хүүхдээ сургаж байна.

Одоо гадаадынх гээд гайхаад байх зүйл монголчуудад байхгүй. Тэнд юугаараа илүү юм. Манайхаас илүү нь дулаахан л байх. Эрс тэс уур амьсгалтай гээд эх орноосоо хол байна гэвэл инээдэмтэй л хэрэг биз дээ. Дэлхийгээр нэг эзэнгүй, засаг захиргаагүй монгол хэлээр ярьсан хүмүүс байдаг болчихлоо. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн тоо зуун хорь гаруй мянгад хүрдэг гэсэн. Үүнээс ч олон байгаа байх. Албан ёсны бүртгэлтэй нь энэ болохоос. Эргээд очих эх оронтойгоо тэр олон монголчууд ухамсарлах хэрэгтэй. Ингэж "Монгол" гэдэг нэр зүүчихээд эх орноо ээж, ааваа орхиод олон жил явсан, тодорхой хугацааны дараа эх орондоо ирэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцдог болмоор байна. Тухайлбал Монголоосоо гараад арваас дээш жил эх орондоо огт ирээгүй бол Монголын харьяаллаас хасах арга хэмжээ авмаар байгаа юм. Хаслаа гэдгээ албан ёсоор зарлах хэрэгтэй. Гэхдээ үүнийг туйлшруулан ойлгож болохгүй. Сургуульд сурч байгаа, алба амины ажлаар ирж очиж байгаа хүмүүсийг бүгдийг нь хэлээд байгаа юм биш. Улс нь иргэнээ захирч чадахгүй бол улс гэж байгаад яах юм. Ямар ч эрх чөлөө явж, явж нэг хязгаарт хүрээд тулдаг.

Гадагшаа явсан ч гэсэн эх орноо мартаж болохгүй. Эргэж ирнэ гэдэг таны үүрэг.  Гадаадад байгаа монголчууд Монголын төрийн удирдлагуудыг очихоор асуудаг нэг зүйл нь давхар иргэншил. Гадаадад амьдардаг, бүр гадны иргэншилтэй болсон хэрнээ хааяа Монголдоо ирж, очиж байх гэж л үүнийг хүсдэг. Гэтэл угтаа Монгол Улсын эрх ашиг гэж бий.

Цэлхийгээр нэг тарсан монголчуудаа, эх нутагтаа цуглаж, эх орондоо эзэн сууя. Өтөл хөгшин болсон хойноо "эх орон минь" гээд ясаа тавих гэж ирэх хэрэггүй. Идэр насаа хүний нутагт өнгөрөөчихөөд Монголын төлөө хийсэн гавьяагүй хэрнээ өгөршсөн ясаа эх орондоо тушаах иь шударга хэрэг үү. Тиймээс л эх орон чинь та нарыг эсэн мэнд эрүүл саруул дээрээ эргээд ирээч гэж дуудаж байгаа юм, монголчуудаа. Тэгээд бид олуулаа болно.

Д.МӨНГӨНДАЛАЙ

 

Нэмэлт мэдээлэл